|
ЮНЕСКО-гийн Олон улсын Ус зүйн хөтөлбөр
ЮНЕСКО-гийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн тухай. Усны судалгаа түүний нөөцийн менежмент, энэ салбар дахь боловсон хүчин бэлтгэх, сургалт явуулах зэрэг өргөн хүрээг хамарсан шинжлэх ухааны салбар дахь олон улсын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих зорилгоор олон улсын ус зүйн хөтөлбөрийг ЮНЕСКО-гоос санаачлан хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн тэргүүлэгч зорилтууд:
- ЮНЕСКО-гийн Гишүүн орнууд, тэдгээрийн мэргэжлийн болон эрдэм шинжилгээний байгууллагууд, эрдэмтэн шинжээчдээр дамжуулан усны нөөцийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх энэ зорилтын хүрээнд шаардагдах техникийн болон боловсон хүчний чадавхыг сайжруулах чиглэлд дэмжлэг үзүүлэх;
- Ус судлалын салбарыг хөгжүүлэхэд шаардагдах техник, аргачлал, арга зүйг боловсруулж нэвтрүүлэх;
- ЮНЕСКО-гийн Гишүүн орнууд, бүс нутагийн болон олон улсын түвшинд усны менежментийг сайжруулах;
- Ус судлалын шинжлэх ухаан ба усны менежментийн асуудлаар олон талт хамтын ажиллагааг ямагт хөхиүлэн дэмжих;
- Усны нөөцийн хомсдол бүхий бүс нутгуудад усны хэрэглээний тогтвортой байдалд үнэлгээ хийх;
- Усны асуудалд Дэлхий нийтийн анхаарлыг хандуулах;
ЮНЕСКО-гийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн бүтэц. Засгийн газар хоорондын Зөвлөл нь тус хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөлт, тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж улмаар хэрэгжилтэд нь хяналт тавин ажилладаг. Зөвлөл нь хоёр жилд нэг удаа ээлжит бус чуулганаа хуралдуулдаг бөгөөд ээлжит бус чуулганыг тухайн үед нь зарлан хуралдуулдаг. Зөвлөл нь 36 орны төлөөлөгчдөөс сонгогдох зарчмаар бүрдэх ба сонгуулийн хугацаа нь 4 жил байна. Олон улсын ус судлалын Товчоо нь ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурал болон тус хөтөлбөрийн Засгийн газар хоорондын Зөвлөлийн чуулганы завсар хөтөлбөрийн үйл ажиллагааг удирддаг бөгөөд 5 төлөөлөгчөөс бүрднэ.
ЮНЕСКО-гийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн дэд хөтөлбөрүүд болон тэргүүлэх чиглэлүүд Тус хөтөлбөр нь зорилтоо хэрэгжүүлэхдээ бүс нутгийн онцлог, ЮНЕСКО-гийн Гишүүн орнуудын хэрэгцээ шаардлагыг харгалзан 9 төрлийн дэд хөтөлбөрүүдээр дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээрт эко-гидрологийн дэд хөтөлбөр, ус ба хөгжлийн асуудлаар мэдээлэл солилцох олон улсын сүлжээ, усны үер болон түүний гамшигийг гэтлэн давах олон улсын санаачлага, хил дамнасан гүний усны нөөцийн менежментийн сүлжээ, хөрсний эвдэрлийн эсрэг олон улсын санаачлага зэрэг болно.
ЮНЕСКО-гийн Олон улсын ус зүйн хөтөлбөр дэх Монгол Улсын оролцоо, хэтийн төлөв. Олон улсын ус зүйн хөтөлбөрийг боловруулж улмаар түүнийг хэрэгжүүлэхэд Монгол улс багагүй үүрэг гүйцэтгэсээр ирсэн. 1990 оноос Монгол улс олон улсын харилцаанд өргөн цар хүрээтэй оролцож, олон салбарт үйл ажиллагаагаа идэвхижүүлж байгаа бөгөөд эдийн засаг, нийгэм, экологийн тогтвортой хөгжилд усны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах асуудал чухал байр суурийг эзэлж байна.
Эрс тэс уур амьсгалтай Монгол орон дэлхийн усны нөөц нэн багатай гэж тооцогддог 22 орны тоонд ордог, нийт нутгийн 70% нь говь цөл, цөл хээрийн хуурай, хуурайвтар бүс нутагт хамаарагддаг. Монгол орны усны нөөцийн 70% нь гадаргуйн ус, 30% нь газрын доорхи ус бөгөөд нийт ус хэрэглээний 80 гаруй хувийг газрын доорхи усны нөөцөөс хангаж байгаа нь цөлжилт, хуурайшилтыг нэмэгдүүлэх экологийн сөрөг үр дагавартай байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр сүүлийн 10 жилд агаарын дундаж температур 2 градусаар нэмэгдэж, хур тунадасны хэмжээ буурч, усны нөөц дундарсаар байна.
Дээрхи байдлыг харгалзан 2002 оны Монголын Улсын засгийн газар болон ЮНЕСКО-гийн хооронд байгуулсан харилүцан ойлголцлолын “Санамж бичиг”-т Олон улсын Ус зүйн Монголын Үндэсний хороог байгуулахаар тохиролцож мөн ондоо ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын даргын тушаалаар шинээр үүсгэн байгуулсан болно. Энэ хугацаанд манай орны усны салбарын өмнө тулгарсан зорилтуудыг тодорхойлох, тэдгээрийн хэрэгжилтэд өөрийн хувь нэмрээ оруулах, боловсон хүчин бэлтгэх, ЮНЕСКО-гийн Олон улсын Ус зүйн хөтөлбөрийн бодлогын баримт бичгүүдийг тодорхойлох, бүс нутгийн сүлжээнд идэвхтэй оролцох, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж ирсэний үр дүнд өрийн оронд төдийгүй олон улсын хэмжээнд танигдан хүлээн зөвшөөрөгдөөд байна.
ЮНЕСКО-гийн Ус зүйн Монголын Үндэсний хороо 2003 он буюу анх байгуулагдсанаас хойш авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаануудаас дурьдвал:
- 2002 онд ЮНЕСКО-гын дэмжлэгээр “Усны бодлого, стратегийн төлөвлөлт” сэдэвт үндэсний семинарыг УИХ ба түүний дэргэдэх Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн Байнгын хороо, БОЯ, ХХААЯ, Усны Үндэсний хорооны төлөөлөл зэрэг өндөр хэмжээний шийдвэр гаргагчдийн хүрээнд зохион байгуулсны үр дүнд усны салбарын хууль тогтоомжийг шинэчлэх, усны салбарын институцийг бэхжүүлэх улмаар “Усны шинэтгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан болно.
- 2002 онд ЮНЕСКО-гийн дэмжлэгээр “Ундны усны чанарыг сайжруулах” үндэсний семинар
- Усны салбарын боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх зорилгоор хэд хэдэн сургалтуудыг зохион байгуулж, Усны агентлагтай |УХЭГ| гэрээ байгуулан дотооддоо сургалт явуулахаас гадна олон улс, бүс нутгийн хэмжээний сургалтанд холбогдох мэргэжилтнүүдийг хамруулж ирэв. Мөн түүнчлэн “Цэнхэр алт-цэвэр ус” олимпиадыг жил бүр зохион байгуулж байна.
- 1999 онд батлагдан хэрэгжиж байгаа “Усны Үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож, уг хөтөлбөрийг шинэчилэхэд голлох үүрэг гүйцэтгэж байна.
- Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг сайжруулах (UN Joint program on water and sanitation in Mongolia, 2007-2011 он, UNDP, UNICEF, WHO, UNEPPA) мянганы зорилтын хүрээнд Монголд ажилдаг НҮБ-ын нэгдсэн хөтөлбөрийг боловсруулахад ЮНЕСКО-гийн Ус зүйн Монголын Үндэсний хороо зөвлөхөөр ажиллав.
- Даян Дэлхийн Усны Үнэлгээний Хөтөлбөрийн II дахь шатанд хамрагдаж улмаар Туул голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менгежментийн судалгаа түүний тайланг гарган хэвлүүлж ЮНЕСКО-гын веб-сайтад байрлуулсаны зэрэгцээ Мексикт болсон II дахь шатны тайлангийн хуралд хэлэлцүүлсэн болно (Дэлхийн хэмжээгээр ердөө 16 сав газрыг сонгон судалгаа хийсний нэг нь Туул гол юм).
- Усны сав газрын менежментийг хөгжүүлэх чиглэлээр санаачлагатай ажиллаж УБ, Дархан, Орхон аймагт судалгаа хийж, Голландын санхүүжилтээр 2007 оноос “Монгол улсад усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө” боловсруулах төслийг хэрэгжүүлнэ.
- Хуурай, хуурайвтар бүс нутгийн усны нөөцийн менежментийг хөгжүүлэх, усны салбарын шинжлэх ухааны судалгааг өргөжүүлэх зорилгоор ҮХ-ны дэргэд усны эрдэмтийн зөвлөл ажиллаж, G-WADI сүлжээнд нэгдэн, олон улсын болон бүс нутгийн IHP арга хэмжээнд идэвхитэй оролцож, 2006 онд “Groundwater hydrology and management” хурлыг ЮНЕСКО, Японы Ус зүйн Үндэсний хороо, ЮНЕСКО-гийн Японы Үндэсний Комисс болон Токио, Тсукуба, Кюшю, Осакагийн Их Сургуулиудтай хамтран зохион байгуулсан.
- Бүс нутгийн хэмжээний хурал, зөвөлгөөнүүдэд үндсэн илтгэгчээр оролцож ирсэний зэрэгцээ ЮНЕСКО-гийн Олон улсын Ус зүйн хөтөлбөрийн Аки-Номхон далайн бүс нутгийн Зөвлөлдөх хорооны гишүүнээр сонгогдож улмаар тус хорооны ээлжит 15 дахь удаагийн хурлыг Монголд зохион байгуулахаар болоод байна.
- 2007 онд ЮНЕСКО-гийн дэмжлэгээр Гүний усны нөөцийн менежментийн асуудлаар ЮНЕСКО-гийн Тэнхмийг Японы Тсукубагийн Их сургуультай хамтран байгуулахаар болж энэ тухай холбогдох гэрээнд гарын үсэг зураад байна.
- ЮНЕСКО-гийн Олон улсын Ус зүйн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн 16 дахь хурлыг ЮНЕСКО-гийн МҮК, ЮНЕСКО-гийн Олон улсын Ус зүйн хөтөлбөрийн Монголын Үндэсний Хороо, БОЯ, Усны хэрэг эрхлэх газар, ШУА, Ус цаг уурын хүрээлэнтэй хамтран 9-р сарын 29-нөөс 10-р сарын 3-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав. Уг хуралдаанд Ази, Номхон далайн гишүүн орнуудын төлөөлөгчид ЮНЕСКО-гийн НБДНГ-ын экспертүүд өргөнөөр оролцсон бөгөөд уг хуралдаанаар монголд явуулж буй ус зүйн судалгаа, хамгаалал, усны бодлого хяналтын талаар Ази номхон далайн орнуудын туршлагатай харьцуулсан дүн шинжилгээ хийж, цаашид хамтран ажиллах ажлын хүрээ, чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой болов.
- Дэлхийн усны өдрийг тохиолдуулан 3 дугаар сарын 20нд төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцох мөн Үндэсний Хөгжлийн Бодлогын хүрээнд боловсрогдож буй Усны бодлогын үндэсний хөтөлбөрт санал бодол, үнэлгээ зөвөлгөө өгөх зорилгоор “Усны бодлого, төлөвлөлт” зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү хуралд бодлого боловсруулагч, засгийн газрын төлөөлөгч, эрдэмтэн судлаачид, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн, иргэдийн болон хандивлагчдын 80 гаруй төлөөлөл оролцлоо.
- Мөн арван жилийн сурагчдын дунд “Цэвэр ус - Бидний ирээдүй” сэдэвт экологийн олимпиад болон сэтгүүлч, сурвалжлагчидад зориулсан экологийн нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг 3 дугаар сарын 22нд Дэлхийн усны өдрийг тохиулдуулан зарлаж 6 дугаар сарын 5-ны өдөр буюу Дэлхийн байгаль хамгаалах өдөр эцсийн дүнг гаргаж байр эзлүүлэн гаргахаар зохион байгуулсан.
|