|
МОНГОЛЫН БИЕТ БУС СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛЖ ДЭМЖИХ АСУУДАЛД СИМПОЗИУМ- СУРГАЛТ СЕМИНАР
Зохион байгуулагдах газар: Монгол улс, Улаанбаатар хот
Засгийн газрын III байр, БСШУЯ-ны Хурлын Их Танхим (401)
Огноо: 2009 оны 9 дүгээр сарын 07-оос 10
Товч танилцуулга:
Биет бус соёлын өвийг хамгаалах зорилгоор ЮНЕСКО 2003 онд “Биет бус Соёлын өвийг хамгаалах тухай” Конвенцийг баталсан билээ. Монгол улс 2005 онд тус Конвенцид нэгдэн орж, биет бус соёлын өвийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, уламжлан өвлүүлэх чиглэлээр үндэсний хэмжээнд томоохон арга хэмжээ, үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаагийн нэг нь ЮНЕСКО-гийн “Хүн-Амьд Эрдэнэ” хөтөлбөр юм.
ЮНЕСКО-гийн “Хүн-Амьд Эрдэнэ” хөтөлбөр нь дэлхийн улс орнуудад олон
янзын нэр томъёоллын дор хэрэгжиж байна. Энэ нь тухайн улс орны эх хэл,
зан заншил, арга барил, ардын мэдлэг, зан үйл, язгуур урлаг, гар урлал
гэх мэт биет бус соёлын өв болон тэдгээрийг гардан үйлдэгч, өвлөн тээгч
билэг авъяастнуудын тухайн өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх үйл
ажиллагаанд нь голлон анхаарч олон төрлийн арга хэлбэрээр дэмжих,
тэтгэх замаар тухайн өвийг нийгэм соёлын хөгжин хувьсах явцад устан
алга болохоос сэргийлэх, өөрийн жамаар хөгжин уламжлагдахад нь дэмжлэг
үзүүлэх зорилготой хөтөлбөр юм.
Зорилго:
2008 оноос ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс БНСУ дахь Биет бус соёлын өвийн Ази-Номхон далайн бүсийн төвтэй хамтран БНСУ-ын Соёлын өвийн захиргааны санхүүжилтээр “Хүн-Амьд Эрдэнэ” хөтөлбөрийг Монгол улсад нэвтрүүлж, биет бус соёлын өвийг хамгаалж дэмжих тогтолцоо бий болгохоор холбогдох байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллаж байгаа ба тус Симпозиум нь энэхүү хөтөлбөрийн үйл ажиллагааг танилцуулах, биет бус соёлын өв, түүний үнэ цэнэ, ач холбогдол, өнөөгийн нөхцөл байдал, хийгдэх шаардлагатай арга хэмжээ, алхмуудын талаар шийдвэр гаргагчид, судлаач мэргэжилтнүүд болон олон нийтийн ойлголт мэдээллийг дээшлүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байсан юм.
Зохион байгуулагч:
- Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
- ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс
- Соёлын өвийн төв
- Монголын соёл судлалын холбоо
- Биет бус соёлын өвийн Ази-Номхон далайн бүсийн төв
- Солонгосын соёлын өвийн захиргаа
|