ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөр
Дэлхийн баримтат өвийн асар их үнэт дурсгалууд дахин нөхөгдөхгүйгээр элэгдэж, гэмтэж, устан алга болж байгааг зогсоох шаардлага байгааг харгалзан үзэж ЮНЕСКО 1992 онд тэдгээрийг хадгалж хамгаалах зорилгоор “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийг эхлүүлсэн билээ. Монгол улс энэ Хөтөлбөрт хамрагдаж оролцоогүй ирсэн бөгөөд 2005 онд “Дэлхийн дурсамж” Хөтөлбөрийн Үндэсний хороог байгуулсан бөгөөд тус Хороо ЮНЕСКО-гийн энэ Хөтөлбөрийг Монголд танилцуулах ажлыг ЮНЕСКО-гийн Бээжингийн Төлөөлөгчийг газар, Өмнөд Солонгосын ЮНЕСКО-гийн Үндэсний Комисс, Монголын ЮНЕСКО-гийн Үндэсний Комисстой хамтран зохион байгуулж уг хөтөлбөр Монгол оронд хэрэгжих эхлэлийг тавьж байна.
Энэ Хөтөлбөрийн гол зорилго нь “Баримтат өв”-ийг олон улсын болон бүс нутгийн өвийн бүртгэлд бүртгэх замаар олон улсын, бүсийн, үндэсний ач холбогдол бүхий Баримтат өвийн хамгаалалтыг дэмжин баталгаажуулах, баримт өвөө хамгаалах ухамсар ойлголтыг гишүүн орон, ард иргэдэд нэмэгдүүлэх, ийм төрлийн өвийг хамгаалах талаар гишүүн орнуудын дотор хамтын ажиллагаа, харилцан солилцоог хөгжүүлэх явдал юм.
Баримтат өвийг олон улсын болон бүс нутгийн өвд бүртгэхэд хатуу шалгуур үзүүлэлтүүд байдаг байна. Тухайлбал:
- Уг өв нь өөрийн анхны жинхэнэ эхээр байхаас гадна эх төрх байдлаа сайн хадгалсан байх учиртай.
- Нэр дэвшүүлж буй өв нь дэлхий дахины үнэ цэнэ, ач холбогдолтой байх ёстой ба Дэлхийн түүх, хүн төрөлхтний соёл иргэншилд онцгой бөгөөд үлэмжхэн нөлөө үзүүлсэн байх учиртай байна.
- Уг өв нь дэлхийд буюу бүс нутагт онцгой ховор, хосгүй бөгөөд давтагдашгүй байх ёстой ба хэрэв тэр өв устваас хүн төрөлхтний соёлын өв санд нөхөгдөшгүй гарз хохирол учирах болно.
Нэр дэвшсэн тухайн өвийн энэхүү дэлхий дахины үнэ цэнэ, ач холбогдол нь дор дурдсан шалгууруудыг нэг буюу хэд хэдэн шалгуураар нотлогдсон байх ёстой. Үүнд:
- Цаг хугацаа;
- Газар нутаг, орон зай;
- Хүмүүс, хүмүүсийн бүлэг, үндэстндийн үйл хэргийг гэрчлэх;
- Өвийн агуулга, сэдэв;
- Өвийн хэлбэр, стиль;
Баримтат өвийн Үндэсний Хороо Монголын баримтат өвүүдээс “Дэлхийн дурсамж”–ийн бүртгэлд нэр дэвшүүлэх ажлыг ЮНЕСКО болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Ингэснээр Монгол оронд баримтат өвийг хадгалж хамгаалах талаарх бүх нийтийн ойлголт ухамсрыг бий болгож өргөх, энэ ажилд орчин үеийн мэдээлэл харилцааны технологи, арга зүйг нэвтрүүлэх, “мэдлэг, мэдээллийн нийгэмд” баримтат өвийн үүрэг ач холбогдлыг өргөх болно гэж үзэж байна.