
НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага /ЮНЕСКО/ нь 1945 онд үүссэн дэлхийн хамгийн нэр хүндтэй оюуны байгууллага бөгөөд 1962 онд Монгол Улс түүний 108 дахь гишүүнээр элсэн орсон билээ.
ЮНЕСКО нь НҮБ-ын системийн бусад байгууллагатай харьцуулбал Гишүүн орнууддаа ЮНЕСКО-гийн Үндэсний Комисс гэсэн үндэсний тогтолцоо бүхий ганц байгууллага юм. Үндэсний Комиссууд нь ЮНЕСКО-гийн үзэл санаа, үйл ажиллгааг түгээн дэлгэрүүлэх, эрх мэдлийн хүрээнд салбар хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж, иргэний нийгэмтэй холбож өгдөг бөгөөд үндэсний хэмжээнд ЮНЕСКО-гийн хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэтэй хувь нэмэр оруулж, боловсрол, соёл, шинжлэх ухаан, харилцаа холбоо зэрэг салбарт гарсан санал санаачлагыг дэмжиж, үйл хэрэг болгоход нь дэмжлэг үзүүлдэг.
Тогтвортой хөгжил, хүмүүнлэг ёс, оюун ухаан, мэдлэг мэдээллийн хүчин зүйлийн нөлөө нэн ихээр өсөн нэмэгдэж буй өнөө үед Дэлхийн оюуны байгууллага болох ЮНЕСКО-гийн үзэл санаа, үйл хэрэг дэлхий дахинд улам бүр үнэ цэнэ, ач холбогдолтой болж байна. Нөгөө талаар ЮНЕСКО өөрийн үйл ажиллагаанд төвлөрлийг сааруулах бодлого явуулж, бүсийн болон улс орнууд хариуцсан төлөөлөгчийн газрууд, тэрчлэн гишүүн орнууд дахь Үндэсний комиссуудад илүү ач холбогдол өгч эхэлсэн билээ.
Монгол Улс ЮНЕСКО-гийн үзэл санаа, уриа дуудлагыг түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэхэд үндэсний байгууллагуудыг өргөнөөр оролцуулах, Монгол улс, ЮНЕСКО-гийн хамтын ажиллагааг төлөвлөн чиглүүлэх, уялдуулан зохицуулах үүргийг гүйцэтгэх зорилго бүхий ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссыг 1963 оны 3 дугаар сард ЮНЕСКО-гийн дүрмийн заалтын VII зүйлд нийцүүлэн Засгийн газар болон холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулан байгуулж, дүрмийг баталсан билээ.
Монголын Үндэсний Комиссын анхны даргаар Соёлын яамны коллегийн гишүүн, Урлал судлалын газрын дарга Э.Оюун, Ерөнхий нарийн бичгийн даргаар ГЯЯ-ны Олон улсын байгууллагын газрын дарга П.Цэрэнцоодол нар томилогдсон байна.
ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс нь Монгол улс, ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, түүний үзэл санааг дэлгэрүүлэхэд ямагт уриалан санаачлагч, хэрэгжүүлэгч, холбогч зохицуулагч байх, холбогдох асуудлаар Засгийн газартаа зөвлөж, төрийн бодлого чиглэлд ЮНЕСКО-гоос дэвшүүлэн тавьж буй дэлхийн нийтлэг зорилтуудыг тусгах талаар өөрийнхөө чиг үүргийг зохих ёсоор гүйцэтгэж ирсэн.