|
ЮНЕСКО соёлын бодлогоо, нэгд, соёлын салбарт олон улсын эрх зүйн баримт бичиг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх, хоёрт, соёлын өвийг хадгалж хамгаалах, гуравт, соёлын олон төрөл байдлыг хадгалах, соёл, соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээг хөхиүлэн дэмжих, дөрөвт, мэдлэг чадварыг хөгжүүлэх, хуваалцах замаар хөгжил дэвшил, соёлын уялдаа холбоог сайжруулах гэж тодорхойлсон байдаг.
ЮНЕСКО-гоос дэвшүүлж буй соёлын өвийг хамгаалах, энхийн соёл, соёлын олон янзын төрөл зүйл, байдал, соёл иргэншил хоорондын яриа хэлэлцлийг хөхиүлэн дэмжих, нигүүлсэл, хүлээцтэй хандах зарчмуудыг түгээхэд юуны түрүүнд үйл ажиллагаагаа чиглүүлж, 2001-2010 оныг « Хүүхдийн төлөө, Энхийн соёл, Хүчирхийллийн эсрэг Олон улсын арван жил » болгон тунхагласантай холбогдуулан Монгол Улс үндэсний хэмжээнд тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж ЮНЕСКО-ийн үзэл санааг бүх талаар дэмжин ажиллаж байна.
Монгол Улс ЮНЕСКО- гийн Конвенциудад нэгдэж, дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор Биет бус соёлын өвийг хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөө, соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийн бүтээлч чадавхийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулаад хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Соёл, урлагийг хөгжүүлэх Мастер төлөвлөгөөг боловсруулахад ЮНЕСКО- гийн санхүүгийн болон мэргэжлийн тусалцаа үзүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.
|