|
ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын айлчлалын үеэр Монгол улс, ЮНЕСКО хоорондын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурж, цаашдын хамтын ажиллагаагаа улам тодорхой болгодог нь уламжлал болсон билээ.
Анхны Санамж бичигт БНМАУ-ын Ардын Боловсролын Яамны сайд, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын дарга Д.Ишцэрэн, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Рене Мае нар 1971 оны 7 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ. Энэхүү Санамж бичигт харилцаа, хамтын ажиллагааны тодорхой асуудлууд тусгагдсан юм. Санамж бичигт Улсын Багшийн Дээд Сургууль, Политехникийн Дээд Сургуулийг бэхжүүлэхэд хамтран ажиллах, Шинжлэх ухаан, техникийн мэдээллийн төв, ШУА-ын химийн хүрээлэн байгуулах, Төв Ази болон Монгол судлалыг хөгжүүлэх, түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах, ардын дуу хөгжмийн пянз бичих, хэвлэх арга техникийг боловсронгуй болгох зэрэг зорилт тавьсан байна.
Хоёр дахь Санамж бичигт Ардын Боловсролын Яамны сайд, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын дарга Р.Санжаасүрэн ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Амаду Махтар М’Боу нар 1978 оны 6 дугаар сарын 23-нд гарын үсэг зурсан байна. Энэхүү Санамж бичигт Улсын Багшийн Дээд Сургуулийн материаллаг бааз, сургалтын чанарыг сайжруулах, багш бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх, сурган хүмүүжүүлэх ухааны судалгаа шинжилгээний ажлыг өргөтгөх, микробиологи, газар хөдлөл, цөлөрхөг нутгийн судалгааг хөгжүүлэх, Шинжлэх ухааны хэвлэлийн газар, Төв номын сангийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, Амарбаясгалант хийдийг сэргээн засварлах, радио, телевизийн студи байгуулахад хамтран ажиллах зэрэг тодорхой асуудал тусгагдсан байна.
1990-ээд оны эхнээс Монгол Улсад өрнөсөн ардчилсан үйл явцыг ЮНЕСКО-гийн зүгээс дэмжиж, бодит тусламж үзүүлэхийг илэрхийлсэн Санамж бичигт 1992 оны 4 дүгээр сарын 26-нд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Федерико Майор Монгол улсад албан ёсны айлчлал хийх үеэр гарын үсэг зуржээ. Энэхүү Санамж бичигт уйгаржин монгол бичгийг сэргээхэд ЮНЕСКО санхүүгийн дэмжлэг үзүүлэх, албан бус боловсролын «Говийн эмэгтэйчүүд» төслийг хэрэгжүүлэх, цөлжилтийг судлах, «Нүүдэлчдийн замаар» олон улсын эрдэм шинжилгээний аяллыг Монгол Улсад зохион байгуулах, Дэлхийн өвд Монголыг бүртгэлтэй болгох зэрэг олон асуудал орсон байна.
1996 оны 4 дүгээр сарын 18-нд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат ЮНЕСКО-гийн Төв байранд зочлох үеэр зурсан Санамж бичигт албан бус боловсролын төслийг үргэлжлүүлэхэд ЮНЕСКО дэмжлэг үзүүлэх, боловсролын салбарын мэргэжилтнүүдийг сургах, Хархорины Их сургуульд тусламж дэмжлэг үзүүлэх, ардчиллыг багийн түвшинд хэрэгжүүлэх, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн байгуулахад хамтран ажиллах зэрэг заалт орсон байна.
Монгол Улс ЮНЕСКО-д элсэж орсны 40 жилийн ойг тохиолдуулан 2002 оны 7 дугаар сарын 24-27-нд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Коичиро Мацуура Монгол Улсад албан ёсоор айлчилсан билээ.
Энэ айлчлалын үеэр Монгол Улс, ЮНЕСКО-гийн цаашдын харилцаа хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын талаар Санамж бичигт Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд бөгөөд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний Комиссын дарга А.Цанжид, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал К. Мацуура нар гарын үсэг зурсан юм.
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил, Монгол Улс НҮБ-д элссэний 45 жилийн ой болон Улаанбаатар хотноо болсон ЮНЕСКО-гийн Зүүн Азийн орнуудын Хүүхдийн урлагийн V их наадмыг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Ерөнхий Захирал, ноён Коичиро Мацуура 2006 оны 7 дугаар сарын 26 -29 нд Монгол Улсад албан ёсоор айлчлав. Айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар болон ЮНЕСКО-гийн хамтын ажиллагааны “Санамж бичиг” -ийг шинэчлэн батлав.
|